Эрдэм шинжилгээний хурлын урилга

Нүүдэлчдийн ёс зүй, соёл хоорондын харилцан ойлголцол

Хураангуйг илгээх: 2023 оны 1 дүгээр сарын 15

Хуралд биечлэн оролцохыг илүү зөвлөнө

Хурлын өдөр: 2023 оны 6 сарын 22-23, Монгол улс, Улаанбаатар хот

Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Нүүдэлчдийн судалгааны комисс (Commission of Nomadic Peoples), Монгол Улсын Их сургууль, Монголын антропологийн холбоо, ЮНЕСКО хамтран “Нүүдэлчдийн ёс зүй, соёл хоорондын харилцан ойлголцол” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар хотноо 2023 оны 6 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулна.

                Үндсэн илтгэгчид:

  • Доун Чатти, Оксфордын Их сургуулийн хүндэт профессор
  • Дэвид Снийт, Кембрижийн Их сургуулийн профессор

Хүний сайн сайхны тухай ёс зүйгээс (virtue ethics) эхлээд ёс зүйн эргэлт (ethical turn) хүртэлх олон сэдвийн хүрээнд ёс зүй (ethics), ёс суртахууны (morality) мөн чанарын талаар нийгмийн ухааны эрдэмтэн, судлаачид, ажилтан албан хаагчид судалж, шинжлэх ухааны маргаан өрнүүлсээр ирсэн билээ (Mattingly & Throop, 2018). Эдгээр судалгааг үргэлжлүүлж тус хурлаар нэгдүгээрт нүүдэлчид гэгдэх хүмүүсийн ёс зүй, ёс суртахууныг нээн судлах, хоёрдугаарт нүүдэлчдийн ёс зүй, соёл хоорондын харилцан ойлголцолд ямар хувь нэмэр оруулсныг судлан шинжлэх юм. Түүнчлэн тус хурлын үр дүнд нүүдэлчдийн ёс зүйг тухайн соёлын орчинд, итгэл үнэмшлийн хүрээнд, амьдрал дээр хэрэгжиж буй байдал, онолын түвшинд авч үзэж,  Дотоод Ази төдийгүй даян дэлхийд нүүдлийн нийгэм соёлыг хэрхэн өөрчилж, бүтээж, дахин зохион байгуулж институцчилж байгаа тухай мэдлэг бий болгоно.

Тус хурлаар хүн төрөлхтний ирээдүйд нүүдэлчид, нүүдлийн соёл бүхий улс түмний оруулж буй хувь нэмрийн талаар тухайлбал “Малчид ба бэлчээрийн олон улсын жил,” “Нүүдэлчдийн тухай Данагийн тунхаг” зэрэг санал санаачилга, орчин үеийн сэдвийн хүрээнд авч үзнэ. Ялангуяа нүүдэлчин ард түмнийг ёс зүйгүй, мораль буюу ёс суртахуунгүй, иргэншээгүй гэж ялгаварлан гадуурхаж, сурталдаж буй ойлголт, мэдлэгт (Morgan, 1877; cf. Humphrey and Sneath 1999, cf. Khazanov 1983: 1-15, 228-263) шүүмжлэлтэй хандаж, эрдэмтэн судлаачдын хүрээнд асуудлыг сөхөн хэлэлцүүлнэ. Сүүлийн жилүүдэд нүүдэлчид, малчид өөрсдийн тогтворгүй үйлдвэрлэлээрээ бэлчээрийг сүйтгэж, малдаа хүмүүнлэг бусаар ханддаг гэх үзэл суртлыг хөөрөгдөж (e.g., Dalton 2109, You 2019), хэрэглэгчийн ёс зүйн талаар өрнөж буй олон улсын маргаанд малчдын ноолуурын үйлдвэрлэлийг татан оруулах болов. Орчин үед стандартчилан хэвшүүлж буй иймэрхүү ойлголтын үр дагаварыг шүүн хэлэлцэнэ. Эдгээр ялгаварлан гадуурхсан ойлголтыг устгахын тулд тус хурлаас ёс зүйн тухай дэлгэрэнгүй ойлголт мэдлэг, ёс суртахууны шинж чанарын талаар үнэлэлт дүгнэлтийг нүүдлийн соёлын онцлог, танин мэдэхүйн мэдлэгийн хүрээнд бий болгоно.

Тус эрдэм шинжилгээний хурал нь 1) нүүдлийн соёл бүхий улс оронд ёс зүй, ёс суртахууныг хэрхэн ойлгодог талаар нэгдсэн мэдлэг ойлголт бий болгох, 2) нийгмийн тэгш байдлыг хангах, соёл хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд нүүдлийн соёлын ёс зүй ямар хувь нэмэр оруулсан талаар судалж, баримтжуулах, 3) социализм болон колончлолын дараах улс орнуудад ёс зүйг хэрхэн дахин тодорхойлж, ёс суртахууныг хэрхэн дахин бүтээж байгааг судалгаа шинжилгээнд тулгуурлан баримтжуулах, 4) хүний эрхэд суурилсан ёс зүй, ёс суртахууны тухай олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Зохион байгуулагчдын зүгээс нүүдлийн соёлын ёс зүйтэй холбогдуулан дараах сэдвийг санал болгож байна. Мөн оролцогчдын ирүүлсэн илтгэлийг шүүж, шинэ сэдэв, салбар хуралдаан нэмнэ:

  • Нүүдэлчдийн байгаль орчны ёс зүй
  • Нүүдэлчдийн ёс суртахууны философи
  • Нүүдлийн соёл ба нийгмийн өөрчлөлт
  • Соёл хоорондын харилцан ойлголцол, энх тайван
  • Соёлын эрх ба хүний эрх
  • Ёс зүй ба боловсрол
  • Улс төрөөс дахин бүтээх оролдлого, нөлөөлөл

Нийгмийн болон хүмүүнлэгийн шинжлэх ухаан, тухайлбал нийгэм соёлын антропологи, философи, хууль эрх зүй, сэтгэл судлал, соёл судлал, улс төр судлал, социологи, хүний болон нийгмийн газар зүй, түүх, археологи, хүний эрх, засаглал гэх мэт чиглэлээр ажиллаж буй эрдэмтэд, судлаачид, ажилтан, албан хаагчид оролцож болно.

Хурлыг Монгол улсын Улаанбаатар хотод зохион байгуулна. Тусгайлан гаргасан хүсэлтийн дагуу цөөн хүн цахимаар оролцох боломжтой. Хурлын үндсэн хэл Англи хэл.

Хурал зохион байгуулагчид болон МУИС, Францын Экол дэ Практик Их сургууль, Виннипегийн Их сургууль, Оксфордын Их сургууль, ХЭҮК, Австрын Шинжлэх ухааны академийн судлаачид мөн бусад судлаачидтай хамтран хурлын үр дүнг импакт фактор бүхий сэтгүүлд хэвлэх асуудлыг ярилцаж, зохион байгуулна.

Хурлын илтгэлийн хураангуй, товч CV явуулах хугацаа:

2023 оны 1 сарын 15

Хурлын бүртгэл, хураангуй явуулах вэб хуудасны холбоос:

https://forms.gle/hKQJB6ZWuGnFVFWf9

Хуралд оролцохоор шалгарсан оролцогчдыг зарлах:

2023 оны 2 дугаар сарын 1

 

Хурлын өдөр:

2023 оны 6 дугаар сарын 22-23

Академик бичлэгийн сургалт, хурал:

(Сургалтын зарлалыг сүүлд зарлана)

2023 оны 6 дугаар сарын 20-21

 

Асуух зүйл байвал дараах хаягаар холбогдож асууна уу! Ариел Ахөрнтэй ariell.ahearn@ouce.ox.ac.uk мөн И.Бямбабаатартай byambabaatar@unesco-iisnc.com

 

 

НОМ ЗҮЙ

Dalton, Matthew. “From H&M to Gucci, Fashion Rethinks Cashmere, Citing Environmental Harm.” The Wall Street Journal, May 13, 2019, sec. Business. https://www.wsj.com/articles/fashion-companies-rethink-cashmere-11557749119.

Humphrey, C., & Sneath, D. (1999). The End of Nomadism?: Society, State and the Environment in Inner Asia (Central Asia S.) (p. 368). Duke University Press.

Khazanov, A.M. (1983) Nomads and the Outside World, (translation), Cambridge, Cambridge University Press.    Pp1-15, 228-263

Mattingly, C., & Throop, J. (2018). “The anthropology of ethics and morality”. Annual Review of Anthropology, 47, 475–492. https://doi.org/10.1146/annurev-anthro-102317-050129

Morgan, L. H. (1877). Ancient Society or Researches in the Lines of Human Progress from Savagery Through Barbarism to Civilization (1st ed.). Chicago: Charles H Kerr & Company Co-Operative.

You, Tracy. “Workers Brutally Tear Hair off Goats to Fuel Global Cashmere Trade.” Mail Online, May 14, 2019. https://www.dailymail.co.uk/news/article-7027891/Asian-workers-brutally-tear-hair-goats-make-cashmere-leading-H-M-ban-fibre.html.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *