“Нүүдэлчдийн ёс зүй, соёл хоорондын харилцан ойлголцол” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны 6 дугаар сарын 22-23-нд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Тус эрдэм шинжилгээний хурлыг ЮНЕСКО-ийн ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгээс санаачлан ЮНЕСКО, Монголын Антропологийн Холбоо, Нүүдэлчдийн судалгааны комисс, Монгол Улсын Их Сургууль, МУИС-ийн дэргэдэх Монгол Судлалын Хүрээлэн, Оксфордын Их Сургууль, Виннипегийн Их Сургууль, Монгол Улсын Соёлын яам, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Хүний эрхийн үндэсний комисстой хамтран зохион байгуулсан юм.

Хуралд ИБУИНВУ, Европ, Хойд Америк, Өмнөд Америк, Төв Ази, Зүүн Ази, Зүүн Өмнөд Ази, Африкаас олон салбар, шинжлэх ухааны төлөөлөл бүхий 80 орчим эрдэмтэн, судлаач, шинжээчид хүрэлцэн ирж оролцлоо. Хурлын нээлтийн үйл ажиллагаанд Бээжин дэх ЮНЕСКО-ийн дарга Шахбаз Хан болон Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх мэндчилгээ ирүүлж, БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш, Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Заяабаатар, НСИСОУХүрээлэнгийн захирал Ч.Мөнхтуул үг хэлэв. НСИСОУХ-ийн зүгээс тус арга хэмжээний үеэр эрдэм шинжилгээний хурлаас гадна оролцогчдод зориулж “Номадс” ресторанд албан ёсны оройн зоог, Монголын Үндэсний уран зургийн галерейд ДУИОСӨУХ-ны Ахмадын Холбооны дэглэлттэй “Гарваль” үзэсгэлэн, Гүн галуутай БЦГ-т гүүний үрс гаргах ёс үзүүлэх өдрийн аялал зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсан юм.




Эрдэм шинжилгээний хурлын үндсэн агуулга нь “Олон улсын бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн жил”, “Нүүдэлчин ард түмний тухай Данагийн тунхаглал” зэрэг нүүдэлчин, малчин иргэдийн дэлхий дахины ирээдүйд оруулж буй хувь нэмрийн тухай яриа хэлэлцээрт үндэслэн нүүдэлчдийн тухай аль хэтээсээ ёс зүй, ёс суртахуунгүй, иргэншээгүй гэх мэт хэвшмэл ойлголтыг сорих, шүүн дүгнэх зорилгоор энэ чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн, судлаачдыг нэгтгэсэн онцлох үйл явдал болж өнгөрлөө.

Хурлын үр дүнд тус үйл ажиллагаагаар дамжуулан Соёлын олон янз байдлыг хамгаалах, соёлын эрх, олон янз ба олон талт байдал, хүний эрх, өв уламжлал, бүтээлч байдлыг хүндэтгэх тухай тунхаглалыг дэмжсэн уриалга гаргасан юм.Хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, Кембрижийн Их Сургуулийн профессор Дэвид Снит; Эрдмийн зөвлөлийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх, профессор Д. Бум-Очир; Эрдмийн зөвлөлийн гишүүн, Оксфордын Их Сургуулийн эмерит профессор Доун Чатти нар хурлын ерөнхий сэдвийн хүрээнд үндсэн илтгэлүүдийг хэлэлцүүлсэн.



Нийт илтгэгчид дараах салбар хуралдаануудаар илтгэлээ хэлэлцүүллээ.

  • Ёс суртахууны философи
  • Соёл ба хүний эрх
  • Соёл хоорондын харилцан ойлголцол ба энх тайван
  • Үе хоорондын боловсрол ба ёс суртахууны сургаал
  • Нүүдэлчдийн түүх, соёл – Ёс зүйн асуудал
  • Ёс суртахууны эдийн засаг ба солилцооны ёс зүй
  • Соёлын өөрчлөлтүүд
  • Дэлхийн шинэ ёс зүй рүү: Нүүдэлчдийн соёл иргэншлийн оруулсан хувь нэмэр. Уугуул ахмадуудын үзэл бодол
  • Төлөөлөл ба улс төрийн бүтээн байгуулалт
  • Ээдрээт цаг үеийн нүүдэлчин ард түмний үнэт зүйлс
  • Тэнгисийн нүүдэлчид: Ёс зүй ба соёлын харилцааны тухай ойлголт
  • Үнэт зүйл ба өвөрмөц байдал: Ариун байгалийн төрх


Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *